Г.Баярсайхан: Ажил мэргэжлийн чиг баримжааны үндэсний тогтолцоог бүрдүүлнэ.

    Хөдөлмөрийн яамны санаачилгаар зохион байгуулж буй “Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх уг уулзалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм. 

09-22-11

     Аливаа хүн насан туршдаа өрх гэр бүл, нийгмийнхээ өмнө хүлээсэн эдийн засгийн үүргээ нэр төртэй биелүүлэх үндсэн арга зам нь өндөр цалин хөлстэй ажлыг сэтгэл ханамжтайгаар эрхэлж, түүнийхээ үр шимийг хүртэх. Үүний тулд ажил мэргэжлээ анхнаасаа зөв сонгох ёстой юм. Энэ сонголтоо хийхэд нь төр туслах үүрэгтэй бөгөөд энэ нь хөдөлмөрийн хүрээний суурь бөгөөд чухал асуудлын нэг.

Монгол хүн бүрт ялангуяа улс эх орны ирээдүй болсон залууст онцгой ач холбогдол бүхий энэ  асуудлаар холбогдох яамд, агентлаг, нийгмийн түншүүд, нийслэлийн болон аймаг, дүүргийн боловсрол, хөдөлмөрийн чиглэлийн газар, хэлтэс, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төлөөлөл, их, дээд сургууль, судалгааны болон олон улсын байгууллагын төлөөлөл 80 шахам  хүн оролцож, дэлхийн бусад улс оронд хэдийнэ төлөвшиж тогтсон ажил мэргэжлийн чиг баримжааны үндэсний тогтолцоог Монголд хэрхэн яаж зөв зохистой бүрдүүлэх талаар санал бодол, туршлагаа солилцох юм.

Үндэсний хэмжээний уг уулзалтыг нээж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улс Үндсэн хуулиараа иргэн бүрийн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсныг бодит ажил болгох үүднээс Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байраар хангах, тэдний цалин хөлс нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.  Засгийн газар уг зорилтыг хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй бодлогын арга хэмжээ авах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмж, хамрах хүрээг өргөжүүлэх гэсэн уялдаа бүхий арга хэмжээгээр дамжуулан хэрэгжүүлж байна.  Гэвч улирлын шинж, эмзэг байдлын нөлөөлөлтэй, албан бус болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлт ихтэй манай улсын хөдөлмөрийн зах зээлд хүн амын эдийн засгийн идэвхигүй байдал нэмэгдэж, сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас бүтээн байгуулалтын ажлуудын цар хүрээ хумигдах болсноор ажлын байрыг шинээр бий болгохоос илүүтэйгээр тэдгээрийг тогтвортой хадгалах явдал чухал болоод байна” хэмээгээд аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлж байгаа ажлын шинэ байрны тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар, ажлын байрны захиалга 45 хувиар тус тус буурч байгаа ч ажлын байранд зуучлагдаж буй иргэдийн хувь өссөн тухай мэдээллийг өглөө.  Түүнчлэн цаг үеийн бэрхшээлийг даван туулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг цаашид боловсронгуй болгож, “Хүн ам зүйн цонх”-ны таатай үеийг зохистой ашиглах зорилгоор хүүхэд, залуучууд, хүн амын зорилтот бүлгийн иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн талаарх мэдээлэл, ажил, мэргэжлээ зөв сонгож, түүндээ үнэн сэтгэлээс хандах ёс зүйн хүмүүжил, төлөвшлийг бий болгож хөгжүүлэх нэгдсэн бүтэц, тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.  Мөн хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудлын нэг болох их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгсөгчдийн ажилгүйдлийн хугацааг богиносгох, ажил олгогчийн бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай өндөр бүтээмжтэй ажиллах хүчнийг хөгжүүлэхэд ажил, мэргэжлийн зөв сонголт зохих хувь нэмэр оруулах тухай ч дурдсан.

09-22-21

Уулзалтад оролцож үг хэлсэн Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар ажил мэргэжлийн чиг баримжааг зөв олгох нь сургууль, эцэг эхээс гадна ажил олгогчдоос ихээхэн хамааралтайг онцолсон. Ирээдүй хойчийн аж амьдралаа авч явах мэргэжлийн сонголтыг сэтгэлийн хөөрлөөр хийх биш ул суурьтай хандах боломж бололцоо, мэдлэг мэдээллийг өгөхөд ажил олгогч, бизнесийнхний нөлөө их гэдгийг онцолсон.

Зөвлөлдөх уулзалтаар ажил, мэргэжлийн чиг баримжааг хөгжүүлэх, үндэсний тогтолцоог бий болгох асуудлыг холбогдох талуудтай хамтран хэлэлцүүлэх, санал солилцох зорилготой бөгөөд  энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл, туршлага солилцон, зөвлөмжийг санал болгохоор төлөвлөсөн байна. Тэр хүрээнд хэд хэдэн сонирхолтой илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх Д.Нармандах ажил мэргэжлийн чиг баримжааны талаарх үндсэн ойлголтуудыг тайлбарлахдаа олон улсад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ гэдгийг хувь хүний ажил амьдралын аль ч үед, нас харгалзахгүй сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэх, ажил мэргэжлийн сонголт менежмент хийхэд нь туслалцаа үзүүлэх хэмээн тодорхойлдгийг онцолж энэ үйл ажиллагаа манайд хэрхэн яаж хэрэгжиж буйг тодорхой ярьсан юм. Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Амартөгс өнөөгийн Монголын хөдөлмөрийн зах зээлийн бодлого үйл ажиллагааны талаар тоо баримттайгаар тун сонирхолтой илтгэсэн бол Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох  үйлчилгээг хэрхэн яаж явуулж буйг тус яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга А.Халиунаа танилцуулсан. Түүнчлэн энэ асуудлыг бага дунд боловсролын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байж үндэсний тогтолцоог бүрдүүлэх талаар БСШУЯ-ныхан байр сууриа илэрхийлсэн. Оролцогчид энэ асуудлаар харилцан санал солилцохоос гадна туршлагаа хуваалцаж хоёр өдрийн турш зөвлөлдсөний эцэст ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох  зөвлөмжийг холбогдох талуудад санал болгох юм.

09-22-51 09-22-91

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>