УИХ-ын дарга З.Энхболд Хөдөлмөрийн яаманд ажиллав

11-30-1191

 Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Хөдөлмөрийн яаманд зочилж, хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцлаа.  Энэ үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан яамныхаа үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Тэрбээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах ажлыг зохион байгуулах, эрсдлийг тодорхойлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих журам”-ыг Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж, зохион байгуулж байгаа болон Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.  Мөн Монгол Улс 2015 оны нэгдүгээр сард нэгдэн орсон “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” ОУХБ-ын 88, “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” ОУХБ-ын 181 дүгээр конвенциудын талаар мэдээлэл өгсөн юм.  Энэхүү конвенцид нэгдэн орсноор хөдөлмөр, хамгааллын эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэл тодорхойлогдож байгааг тайлбарласан. 

   УИХ-аар хэлэлцэж эхлэх гэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьд, хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөжүүлж, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулах, гэрээсээ алслагдсан газарт ажилладаг хүмүүсийн ажил амралтын цагийг зохицуулсан болон хөдөлмөрийн маргаан, оюутны хөдөлмөрийн  тухай тодорхой заалтуудыг тусгаснаараа ач холбогдолтой болохыг онцоллоо. 

11-30-131

   Мөн Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж,  “Монголын төмөр зам” ХХК-иас ирүүлсэн төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтны судалгааг хийснээ УИХ-ын даргад танилцуулав. Хүнд машин, механизмын оператор, завсарчин, мэргэшсэн жолооч, бетон арматурчин, геодезийн техникч гэх мэт төмөр замын доод бүтцийн ажилд шаардлагатай нийт эрэлттэй ажилтны тоо 3362 байгаа. Тэгвэл хүнд машин механизмын оператор мэргэжлээр сургаж буй мэргэжлийн боловсрол сургалтын 18 сургуульд 736 сурагч сурч,40 багш ажиллаж байгаа. Харин хүнд машин механизмын засварчин мэргэжлээр 12 сургуульд 659 суралцагч суралцаж байгааг Хөдөлмөрийн сайд мэдээлэлдээ дурдав. Барилга, уул уурхай, төмөр замын салбарын нийт 60 мэргэжлээр 2016 оны нэг болон зургадугаар сард төгсөгчдөөс цэргийн алба хаах хугацаандаа бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй эсэх судалгааг ч мөн хийсэн байна. Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолоор баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн 2.1 дэх заалтад цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, стратегийн болон цэргийн тусгай хамгаалалтын обьект, байгууламжийг барих, засвар үйлчилгээ хийх тодорхой мэргэжлийн боловсрол эзэмшүүлэн, сургаж дадлагажуулан, чадвар эзэмшүүлэх замаар үндэсний ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэхийг хөтөлбөрийн зорилго гэж тодорхойлсон.

   Хөтөлбөрийн зорилго, зарчмын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Албадан хөдөлмөрийн тухай” 29 дүгээр конвенцийн хоёрдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн А-д “Цэргийн шинжтэй ажилд цэргийн алба заавал хаах тухай хууль тогтоомжийн дагуу шаардах аливаа ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу албадан хөдөлмөрт тооцохгүй хэмээснийг Г.Баярсайхан сайд хэллээ. 

11-30-1161

   Хоёр яамны хамтран хэрэгжүүлж буй “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн талаар танилцуулга хийхээр УИХ-ын даргын уулзалтад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нарын холбогдох албаныхантайгаа хамт оролцсон юм. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа хөтөлбөрийн төсвийг УИХ-аар баталж өгсөнтэй холбогдуулан, судалгаа тооцоог  албан ёсоор хийснээ УИХ-д дуулгаад Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн яамны хувьд хамтран ажиллаж, яамдын  сайд нар албан ёсоор уулзаж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа талаар УИХ-ын даргад илтгэв. 

11-30-1181

   Хөдөлмөрийн яаманд ажиллах үеэрээ УИХ-ын дарга З.Энхболд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа. УИХ-ын дарга З.Энхболдтой хамт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо нарын албаны хүмүүс Хөдөлмөрийн яаманд ажилласан. Уулзалтын төгсгөлд эрхэм спикер Хөдөлмөрийн яамны Хүндэт дэвтэр дурсгалын үг бичиж, гарын бэлгээ гардуулсан бол Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан түүнд “Хөдөлмөрийн хүн танаа” хөдөлмөрийн хүний дээд шагналын дурсгалын хувилбарыг бэлэглэж, хамтдаа зургаа татууллаа.