Жижиг дунд үйлдвэрлэл

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ДҮРЭМ

Ихэнх золгүй тохиолдол, аваар ослыг урьдчилан мэдэх аргагүй бөгөөд эдгээр нь голдуу ажилчид болон ахлах ажилчид Аюулгүй Ажиллагаа Эрүүл мэндийн үндсэн зарчмуудыг дагаж мөрдөж гүйцэтгээгүйгээс үүдэлтэй байна. Нийт ажилчид ажлын талбар дээрээ ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны эдгээр заалтуудыг уншиж, ойлгож, хэрэгжүүлэх ёстой.

1. Нийт ажилчид ажил үүргээ хүлээн авахаасаа өмнө Аюулгүй Ажиллагааны чиглүүлэх сургалтад хамрагдана.

2. Ажил үүргээ хэрхэн аюулгүй гүйцэтгэх талаар мэддэг байх. Ажлаа эхлэхээс өмнө ажлын байранд/талбарт ямар нэгэн асуудал/аюул байгаа эсэхийг шалгах Хэрэв таны хийх ажил хамтран ажилагсад болоод ойролцоох тоног төхөөрөмж, эд материалд аюул учруулахаар байгаа бол тэдгээрийг хамгаалах зохих арга хэмжээг авах

Даалгасан ажил, даалгаврыг эхлэхээс өмнө тухайн ажил нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан эсэхийг өөрийн ахлах ажилтны хамт шалгаж байх. Танд болон бусдад хор хохирол үзүүлж болохуйц ажлаас та татгалзах эрхтэй.

3. Компаний онцгой тохиолдолд баримтлах журамтай танилцаж, ойлгож, дагаж мөрдөх.

4. Таныг хариуцсан ахлах ажилтан таны ажлын аюулгүй эрүүл нөхцөлийг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Аюул учруулж болох нөхцөл, үйлдэл, тоног төхөөрөмж машин механизмын талаар өөрийн ахлах ажилтандаа эсвэл аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтанд мэдэгдэх.

5. Бусдад эрсдэл учруулж болохуйц материал, хог хаягдал, багаж хэрэгсэлийг орхиж явж болохгүй. Ажиллах орчноо цэвэр байлга.

6. Компаний дүрэм журмыг байнга дагаж мөрдөх.

7. Бүхий л анхааруулах болон хориглох тэмдэг тэмдэглэгээ, шошгын тэмдэглэгээг биелүүлэх. (Жнь: “Орохыг хориглоно,” “Тамхи татаж болохгүй” “Нүдний хамгаалалт хэрэглэх” “Зөвхөн зөвшөөрөгдсөн ажилчид,” гэх мэт.).

8. Гүйж болохгүй. Замгүй газраар явж болохгүй. Зориулалтын шат, налуу, зам зэргийг ашиглах ба хэзээ ч хамгаалалтын бүсгүйгээр явж болохгүй.

9. Тоглоом тохуу хийхийг хатуу хориглоно.

10. Даралтат агаар, хүчилтөрөгч зэргийг хувцас, арьс, мөн ажлын багаж хэрэгсэлийг цэвэрлэх зорилгоор ашиглаж болохгүй. Энэ нь гэмтэл учруулах, гал гаргах аюултай.

11. Олгогдох ариун цэврийн болоод ариутгалын хэрэгсэлийг тогтмол хэрэглэнэ.

12. Үнэт эдлэл (бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт гэх мэт) нь осол гаргах, хүнд гэмтэл учруулахад нөлөөлж болох тул ажлын талбар дээр ажиллахдаа үнэт эдлэл зүүхгүй байхыг бид онцлон зөвлөж байна. Түүнчлэн цахилгааны өндөр хүчдэл, тэсэрч дэлбэрэх зүйлийн ойролцоо ажиллах үед үнэт эдлэл зүүхийг хориглодог.

13. Цахилгааны утас, уртасгагч зэргийг явган хүний зам, бүдрэх аюул болон осол аваар үүсгэж болзошгүй газруудаас хол, өндөрт, аюулгүй хэлбэрээр байрлуулсан байх ёстой.

14. Зарим ажлыг гүйцэтгэхэд хорт утааны баг, нүдний хамгаалалт, хамгаалалтын бүс, сонсголын хамгаалалт, хөлний хамгаалалт зэрэг хувийн хамгаалах багаж хэрэгсэл хэрэглэхийг шаардана. Хувийн хамгаалах хэрэгсэл ашиглах шаардлагатай үед заавал тухайн хэрэгсэлийг хэрэглэнэ.

15. Хэрэв ажилчин нь өндөр, агаар хязгаарлагдмал орчин болон харанхуйгаас айх гэх мэт бие махбодь болоод сэтгэцийн хувьд эрүүл мэндийн асуудалтай бол тэр тухайгаа өөрийн ахлах ажилтанд мэдэгдэнэ. Ингэснээр гарч болох осол, гэмтлээс өөрийгөө болон хамт ажиллагсдаа хамгаалж чадна.

16. Гар утас, радио, радио цэнэглэгч гэх мэт ажлын гүйцэтгэлд онц шаардлагагүй хэрэгслүүдийг хориглосон талбайд авч явж болохгүй.

17. Аюултай нөхцөлд байгаа болон ажиллаж байгаа ажилтанг зогсоох, хэрэв боломжтой бол холбогдох ахлах ажилтанд мэдэгдэнэ.

18. Өөрийн ажлын байрны аюулгүйн гарцыг мэддэг байх.

19. Ажиллах хугацаанд ажилтнууд хууль бус хар тамхи, мансууруулах бодис, хориотой бодис, согтууруулах ундаа хэрэглэх, авч явах, тэдгээрийн нөлөөнд автах гэх мэт хэрэгт холбогдохыг хориглоно.

20. Хууль бус бодис болон согтууруулах ундаа хэрэглэх, авч явахыг хориглоно. Ажлыг түр зогсоож болзошгүй эмчийн заавраар эмчилгээ хийлгэх шаардлагатай бол тухайн ажилтан өөрийн ахлах ажилтанд мэдэгдэнэ.

 

 

БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТНУУДАД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААРХ ЗӨВЛӨМЖ

 

Монгол Улсад их бүтээн байгуулалтын ажил өрнөж, барилгын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байна. Гэвч сүүлийн жилүүдэд барилгын салбарт үйлдвэрлэлийн осол олон удаа гарч, эрдэнэт хүний амь нас эндэх, хөдөлмөрийн чадвар алдах, тахир дутуу болох зэрэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал ойр ойрхон давтагдах боллоо.

Барилгын салбарт гарч буй ослын шалтгааныг авч үзвэл, нийт ослын 60 орчим хувь нь өргөх, зөөх тоног төхөөрөмжийн бүрэн бус ажиллагаа, уналт нуралтаас, 20 гаруй хувь нь хаалт, хамгаалалт хангалтгүйгээс, 20 хувь нь аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан гэсэн хүчин зүйлээс хамаарч байна.

Энэ нь барилгын салбарын ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хууль, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хаалт хамгаалалтыг хангалтгүй хийдэг, өргөх, зөөх механизмын бүрэн бүтэн байдлыг хянадаггүй, сургалтад хамрагдаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, барилгын ажилчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж заншаагүй, анхаарал болгоомжгүй, хэнэггүй, хайхрамжгүй байдлаар ажилдаа ханддаг зэрэг нь осол гарахад нөлөөлж байна.

Иймд барилгын салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогч, энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй ажилтан нарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооноос дараах ЗӨВЛӨМЖИЙГ хүргүүлж байна.

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, үндэсний стандарт, түүнтэй холбогдуулан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг барилгын салбарын бүх аж ахуйн нэгж, байгууллага, түүний шат дамжлага, нэгж, цех, тасаг, бригад бүр хатуу мөрдөж ажиллах;

2. Барилгын ажлыг шинээр эхлүүлэхийн өмнө “Аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” боловсруулж, ерөнхий захиалагч компанийн захирлаар батлуулан ажиллах ба энэ төлөвлөгөөнд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, тохиолдож болох аюул ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох тоног төхөөрөмжүүдийн зөвшөөрлийг авах, барилгын ажлын үе шат бүрт авах ХАБЭА-н арга хэмжээг барилгын ажил эхлэхээс улсын комисст хүлээлгэж өгөх хүртэлх хугацааг хамруулан нарийн төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажиллах;

3. Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, байгууллагын ХАБЭА-н орон тооны бус зөвлөл, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх байнгын комисс болон ХАБЭА-н алба, ажилтныг орон тоо, бүтцээр нь ажиллуулж, мэргэшүүлэх;

4. Барилгын үйлдвэрлэлийн талбайд аюул осол гарч болзошгүй бүсийг барилгын ажилбар бүрт урьдчилан тогтоож, сэргийлэх дохио, санамж, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ тавьж, хаалт хамгаалалтыг бүрэн хийж байх;

5. Захиалагч нь ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниудтай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, ХАБЭА-н арга хэмжээнд шаардагдах зардлыг тодорхой тусгасан байх;

6. Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид, туслан гүйцэтгэгч нь сургалтад хамрагдаж, “Цэнхэр карт” авсан ажилтныг барилгын талбайд ажиллуулах, барилга угсралтын тусгай зөвшөөрөлгүй байгууллага, мэргэжлийн бус иргэдээр ажил гүйцэтгүүлэхийг бүр мөсөн зогсоох;

7. Барилгын үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа ачаа өргөх, зөөх, буулгах тоног төхөөрөмжийн зөвшөөрлийг авсан байх, ашиглалтын паспортыг хөтлөх, бүрэн бүтэн байдлыг тогтмол хянах, өргөх байгууламжийн мэргэжлийн ажилтнууд /кранчин, өргүүрийн операторчин, лифтчин гэх мэт/-ыг авч, ажиллуулах, аюулгүй ашиглах дүрэм журам, зааврыг чанд сахиж ажиллах;

8. Барилгын үндсэн хийцийн ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллага, ажилтнаар гүйцэтгүүлж байх;

9. Ажилтанд ажлын талбай дээр ундны цэвэр ус, түр амарч дулаацах, сэрүүцэх, хооллох

байраар хангах, ажлын байранд гэмтэл, бэртэл тохиолдох үед үзүүлэх анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангуулах;

10. Ажилтнуудаа аюулгүй ажиллагааны сургалтад тогтмол хамруулж, шалгалт авч хэвших, ажилтан хүн өөрийгөө болон хамтран ажиллагчдынхаа эрүүл, аюулгүй нөхцлийг хангаж ажиллах соёл, дадал, заншлыг ажилтан бүрт эзэмшүүлэх;

11. Өглөө бүр барилгын ажил эхлэхийн өмнө 5 минутын мэдээлэл хийж, аюул осол гарч болзошгүй эрсдлийн талаар анхааруулж, ажилтнуудын саналыг сонсч, аюулгүй ажиллагааны зөвлөмж зааварчилгааг өгдөг ажлыг барилгын компани бүр хэвшил болгох;

12. Барилгын компаний удирдах ажилтнууд, даамал, инженер техникийн болон ХАБЭА-н албаны ажилтнуудыг оролцуулан хуваарь гаргаж, өдөр бүр барилгын үйлдвэрлэл явагдаж байгаа ажлын талбай дээр жижүүр хийж, дотоод хяналтыг зохион байгуулж ажиллах. Тухайн өдрийн жижүүр нь барилгын ажлын талбай дээр үйлдвэрлэлийн осол гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, засуулах, эрсдлийг арилгах зэрэг арга хэмжээг авч, тухайн өдрийнхээ ХАБЭА-н нөхцөл байдлын талаар маргааш өглөө нь мэдээлэл хийдэг байх;.

13. ХАБЭА-н чиглэлээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ажлын туршлага, дадлага, мэдлэгтэй ахмадуудтай гэрээ байгуулан, тодорхой асуудал хариуцуулан ажиллах;

Энэхүү ЗӨВЛӨМЖ-ийг ажилтан, ажил олгогч эзэд Та бүхэн барилгын салбарын байгууллага, аж ахуйн нэгж бүр дээр хэрэгжүүлэхэд санаачлагатай хандаж, өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлж мөрдөхөд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>