ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ, НӨХӨРЛӨЛ ХОРШОО БАЙГУУЛАХ ИРГЭНИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

ЗОРИЛГО

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд санхүү, эдийн засгийн болон бусад дэмжлэг үзүүлэх замаар ажлын байрыг бий болгоход хөтөлбөрийн зорилго оршино.

 ХАМРАХ ХҮРЭЭ

Хөтөлбөрт аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж, хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулж ажиллахаар хүсэлт гаргасан иргэнийг хамруулна.

 ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

 1. Жижиг зээл олгох арга хэмжээ

Жижиг зээл олгох, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг Монгол улсын Засгийн газрын 2011 оны 375 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын дагуу зохион байгуулна.

ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД

Жижиг зээлд хамрагдахыг хүссэн иргэн өөрийн харъяа дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөөгөө бичиж хандана.

5 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.

НӨХӨРЛӨЛ, ХОРШОО БАЙГУУЛАХ ИРГЭНД

10 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.

АЖИЛ ОЛОХОД ХҮНДРЭЛТЭЙ ИРГЭНД

Зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.

2. Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ

Хувиараа аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 болон түүнээс дээш насны иргэнд нэг жилийн хугацаатайгаар 3 сая хүртэл төгрөгийн гарааны санхүүгийн дэмжлэгийг олгоно. Хүсэлт ирүүлсэн иргэн нь хийхээр төлөвлөсөн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн ур чадвар эзэмшсэн байх нь төслийг нь шалгаруулж, санхүүжүүлэх давуу тал болно. Санхүүгийн дэмжлэгийн 50 хувийг гэрээнд заасан хуваарийн дагуу санхүүгийн дэмжлэг олгосон өдрөөс хойш 24 сарын дотор эргүүлэн төлнө. Төслөө амжилттай хэрэгжүүлж эргэн төлөлтөө бүрэн барагдуулсан иргэн санхүүгийн дэмжлэгт хамрагдсанаас хойш 36 сарын дараа санхүүгийн дэмжлэг авах хүсэлт дахин гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн санхүүгийн дэмжлэгийг 12 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгээр үйл ажиллагааг нь тогтворжуулах зорилгоор олгож болно.

Санхүүгийн дэмжлэг хүссэн иргэн өөрийн харьяа дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж хандана.

- Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл

- Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар

- Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө

- Санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх төлөвлөгөө

3. Аж ахуй эрхлэлтийн сургалт явуулах арга хэмжээ

Жижиг зээл болон санхүүгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн болон олгосон иргэнийг өөрийнх нь хүсэлтэд нь үндэслэн аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулна.

  4. Борлуулалтын болон ажлын байрны дэмжлэг үзүүлэх арга хэмжээ

1. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон бусад дэмжлэг, туслалцаа авсан иргэний боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх, ажлын байрны түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2. Үйлдвэрлэлийн ажлын байр түрээслэн үйл ажиллагаагаа тасралтгүй 12 сараас дээш хугацаагаар эрхэлсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоог холбогдох баримт бичиг, түрээсийн гэрээг үндэслэн нөхцөл байдлыг газар дээр нь тодорхойлсоны үндсэн дээр ажлын байрны түрээсийн төлбөрийг төлсөн баримтыг үндэслэн хөнгөлөлтийг нөхөн олгоно.

Ажлын байрны түрээсийн төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдсан иргэн болон тухайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 24 сарын хугацаанд энэхүү хөнгөлөлтөд дахин хамруулахгүй.

5. Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ

Иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамруулан сургаж, орлогоор дэмжинэ.

Хураасан ургацыг арга хэмжээнд хамрагдсан иргэдэд 100 хувь олгоно.

6. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ

Аж ахуй эрхлэх, нөхөрлөл, хоршоо, бүлэг байгуулж хөдөлмөрөө хоршин үйлдвэрлэл эрхлэхэд зөвлөн туслах, мэдээлэл өгөх, туршлага дэлгэрүүлэх үйлчилгээг мэргэжлийн өндөр ур чадвартай ахмад мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулна.