ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН УР ЧАДВАР ОЛГОХ, АЖЛЫН БАЙР ХАДГАЛАХ ХӨТӨЛБӨР

ЗОРИЛГО
Иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэж, ажлын байранд зуучлан оруулах, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар эзэмшүүлэх, цаашид хөгжүүлэх, ажил олгогчид дэмжлэг, урамшуулал үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ
1. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэн
2. Хорих ангиас суллагдсан иргэн
3. 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд бүртгэлтэй иргэн
4. Хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн
5. Сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн иргэн
6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдана
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
1. Хөдөлмөрт бэлтгэх, ажилд зуучлах арга хэмжээ
- Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажлын байр, үйлдвэрлэлтэй танилцах.
- Хүнтэй харилцах, амжилтын түүх солилцох, өндөр ур чадвар бүхий ахмад зөвлөхүүдтэй уулзалт зохион байгуулах, өөрийгөө ойлгуулах суурь чадвар эзэмшүүлэх /Сэтгэл зүй, хувь хүний төлөвшил, нийгэм, хамт олон дунд биеэ авч явах тухай сургалт/
- Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн дэг журам, аюулгүй ажиллагааны анхан шатны мэдлэг олгох.
2. Хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах арга хэмжээ
Мэргэжлийн болон давтан, явуулын сургалт зохион байгуулах
- Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь ажил олгогчдын эрэлт, ажилгүй иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтын болон эрх бүхий мэргэжлийн сургалтын байгууллагуудын чадамжид тулгуурлан мэргэжлийн болон давтан сургалтыг зохион байгуулна.
- Мэргэжлийн болон давтан сургалтыг Улаанбаатар хотод эрхийн бичгээр зохион байгуулна.
- Эрхийн бичгийн сургалтад орон нутгийн иргэн хамрагдаж болох бөгөөд энэ тохиолдолд өөрийн харьяа дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс тодорхойлолт, хүсэлт гаргуулна. /Сургалтын үйл ажиллагаанаас бусад зардлыг иргэн өөрөө хариуцна/
- Мэргэжлийн болон давтан, явуулын сургалтын онол, дадлагын хичээлийн харьцаа 30/70, 5 хоногийн сургалт нь 36-гаас доошгүй цагийн хөтөлбөртэй байна.
- Мэргэжлийн болон давтан, явуулын сургалтыг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулах бөгөөд үргэлжлэх хугацаа нь сонгосон хөтөлбөрөөс хамааран 1-6 долоо хоног байна.
ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭРХ СУРГАЛТ
- Хөдөлмөрийн хэлтэс нь үйлдвэрлэл дээрх сургалтыг зохион байгуулах замаар мэргэжлийн ажилтан авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, хамтран ажиллах шийдвэрийг гаргана.
- Үйлдвэрлэл дээрх сургалтын онолын хичээлийг аж ахуйн нэгж нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай эсвэл эрх бүхий мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах бөгөөд дадлагын хичээлийг онолын багшийн эсвэл үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн арга зүйн удирдлагын дор өөрийн үйлдвэрлэл дээр зохион байгуулна.
- Үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулж байгаа аж ахуйн нэгжийн сургалт зохион байгуулах зардлыг нэг хүнд ногдох мөнгөн хэлбэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх бөгөөд сургалтын үйл ажиллагаанд зарцуулах ажлын байр, цахилгаан, багаж, тоног төхөөрөмж зэрэг материаллаг болон материаллаг бус зардлыг аж ахуйн нэгж өөрөө хариуцна.
- Ажлын шинэ байр олноор бий болгох үйлдвэрлэлд шаардлагатай байгаа мэргэжилтэй ажилтны захиалга, хүсэлтийг үндэслэн тухайн ажлын байрны шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэл дээр мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, дадлагажуулан ажиллуулах арга хэмжээг Хөдөлмөрийн яамны удирдамжийн хүрээнд тусгайлсан гэрээгээр зохион байгуулж, холбогдох зардлыг батлагдсан жишиг, хэмжээгээр санхүүжүүлж болно.
Үйлдвэрлэл дээрх сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчин авах хүсэлтэй аж ахуйн нэгж нь дараах шаардлагыг хангасан тухай холбогдох баримт бичиг, материалыг бүрдүүлнэ.
1. Тухайн салбарт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Монгол Улсын хуулийн этгээд байх.
2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилтнуудтай, улмаар үйл ажиллагаа нь өргөжиж, шинээр ажилтан авах эрэлт хэрэгцээ бий болсон байх.
3. Суралцагч үйлдвэрлэл дээр дадлага эзэмших боломжоор хангагдсан байх. /дадлагын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн цех, талбайтай, дагалдуулан сургах ур чадвар бүхий дадлагажуулагч багштай, мастер, мэргэшсэн мэргэжилтэн, инженер, сургагчийн нөөцтэй гэх мэт/
4. Дадлагын сургалтын хөтөлбөр, агуулга нь чадамжийн нэгж бүрээр тодорхойлогдсон байх бөгөөд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байх.
5. Сургалтын хугацаанд үйлдвэрлэлийн горим, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, дүрэм журмыг мөрдүүлэх боломжтой байх.
6. Суралцагчдад сургалтын дадлагын хугацаанд нь ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг зохих журмын дагуу олгох боломжтой байх.
7. Үйлдвэрлэл дээрх сургалтын суралцагчдын 80-аас доошгүй хувийг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах боломжтой байх.